Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ажлын нэг өдөр сэдвээр боловсрол ба мэдээллийн технологийн салбарт ажилладаг эмэгтэйг сонгон ярилцлаа. Бизнес 2.0 Академийн онлайн сургалтын аргазүйч багш Я.Цэцэг-Өлзийтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
 
Сайн байна уу? Юуны өмнө нь танд эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе.
 
Баярлалаа.
 
Ажилдаа ирээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ?
 
Хамгийн чухал гэж үзсэн, хариулж амжаагүй яваа имэйлүүддээ хариу өгдөг. Гар утсан дээрээ имэйлээ хаа ч явсан босон суун шалгачихдаг болохоор чухлаар тэмдэглэсэн имэйлүүдээ ялгаж тэмдэглэж байгаад нэг суугаад хариу бичдэг.
 
Та ямар мэргэжилтэй вэ?
 
Хүнсний технологич инженер. Гэхдээ мэдээллийн систем, технологид дуртай, ер нь бол энэ салбарын хүн болчихсон. МТ гэхээр код бичээд програм зохиогоод байдаггүй ч гэсэн МТ-ийн шийдлийг бүрэн хэмжээнд, бүтээлчээр ашиглахад нь туслах, сургах, зөвлөх ажлыг олон жил хийж байна. МТ-ийн мэргэжлийн хүмүүсийг бодвол илүү энгийнээр, ойлгомжтой хэлээр нь хэлж тайлбарлаж өгдөг байж магадгүй :-)
 
МТ-ийн салбарын ажил хэрэгч эмэгтэйн ажлын багаж юу байдаг бол?
 
Нөүтбүүк бол зөөврийн офис маань. Гар утас бас байна. Эдгээр багажууд дээр хэрэгтэй мэдээллээ хэрэгтэй үедээ даруй олж нээнэ гэдэг бас чухал зүйл болоод байна. Файл менежментийг сайн хийх, хатуу дискээ дүүргэхгүйгээр файлуудаа ангилж ялган үүлэн дээр хадгалах, найдвартай, аюулгүй байдлаа хангах гэх мэт. Нөүтбүүк байнга үүрч явснаас файлуудаа Google Drive-т хадгалчихвал Интернэттэй ямар ч газраас дурын төхөөрөмж ашиглан хэрэгтэй файлаа гаргаад ашиглачихна. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс мэдээж олон нийтийн хэрэглэдэг компьютер дээр биш л дээ.
 
Gsuite буюу Google-ээс гаргасан офисын үүлэн програмуудыг өдөр тутам хэрэглэх болсон. Microsoft Word, Excel-тэй дүйцэх Google Docs, Google Sheets гээд олон програмууд онлайн орчинд олуулаа нэг файл дээр нэгэн зэрэг ажиллаж маш өндөр бүтээмжтэй байх боломжийг бүрдүүлсэн нь үнэхээр бахдам шдээ. Файл засварласан олон хувилбарыг имэйлээр нааш цааш шидэлцэх шаардлагагүй болсон. Гар утсан дээрээ апп-ыг нь суулгаад хамтрагч маань ямар засвар хийж вэ гэдгийг хаа ч явсан хараад явчихдаг.
 
Та ажлын түүхээсээ хуваалцаач?
 
Бизнес 2.0 Академид онлайн сургалтын аргазүйч багшаар 2016 оны сүүлээс эхлэн ажиллаж байнаа. Манай академи ажил хэрэгч хүмүүст мэдээллийн технологи ашиглан өдөр тутмын ажлаа автоматжуулах, илүү бүтээмжтэй ажиллахад нь туслах зорилгоор http://learn.one.mn сургалтын талбарт одоогоор 10 гаруй сэдвээр онлайн сургалт явуулж байна.
 
img_5393
 
Монголын Хөгжлийн Гарц төрийн бус байгууллагад 2002 оноос ажилласан. Цахим Мэдлэг ТББ-ыг 2007 онд үүсгэн байгуулсан. Microsoft-ын Монгол дахь боловсролын хөтөлбөр хариуцсан менежерээр 2011, 2012 онд ажилласан. Сайн дурын ажил гэвэл Oracle Боловсролын Сангийн Think Quest хөтөлбөрийн үндэсний зохицуулагчаар 2003-2009 онд ажилласан юм байна.
 
Ажлаасаа хоцордог уу?
 
Бараг л үгүй дээ.
 
Ажлын цаг хэдээс хэдийн хооронд байдаг вэ?
 
09:00–18:00
 
Та хэдэн цагт хамгийн өндөр бүтээмжтэй ажилладаг вэ?
 
Бодож боловсруулах хамгийн их ачаалалтай ажлаа үдээс өмнө хийдэг.
 
Үдийн хоолоо гадуур иддэг үү, эсвэл гэрээсээ авчирдаг уу?
 
50%, 50% гэх үү дээ. Ажлын ойролцоо сайхан хоолны газар байвал орчихмоор байдаг.
 
Танай ажилтнуудын хэдэн хувь нь эмэгтэйчүүд вэ?
 
Ер нь би голдуу эмэгтэйчүүдтэй ажилладаг юм байна. Боловсрол, иргэний нийгэм, мэдээллийн технологийн 3 салбарын уулзвар дээр ажиллаж ирсэн учраас тэр байх. Одоогийн ажил дээр 45% нь эмэгтэйчүүд.
img_5694
 
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хэрхэн зохицуулдаг вэ?
 
“Ажил дээр ирээд гэрээ март, гэртээ хариад ажлаа март” гэж үг байдаг даа, тэрийг хэрэгжүүлэхийг хичээдэг шд. Ажилдаа яг цагтаа ирж, ажилласан шиг ажиллаад яг цагтаа гардаг. Хийх ажлын жагсаалтыг хувийн, ажлын 2 дэвтэрт тус тусад нь хөтөлдөг юм. Хийснүүдээ тэмдэглээд, шинэ ажлуудыг нэмж бичээд явдаг. Ойр зуурын чухал мэдээллийг утасны Notes дээрээ бичнэ, дараа нь түлхүүр үгээр хайж олоход гар бичвэрээс амар байдаг. Notes маань утасгүй интернэтээр нөүтбүүк рүү автоматаар ордог.
 
Танд баярлалаа.