Жил бүр өөрийн онцлогтой. Загварын чиг хандлага, хөгжмийн урсгал жил бүр адилгүй байдагтай адил бизнест ч өөрийн гэсэн чиг хандлага бий. 
Тухайн жил бизнесийн аль салбар илүү амжилттай байх магадлалтай тухай таамаг гаргахад эдийн засаг, улс төрийн байдал зэрэг олон хүчин зүйлийн нөлөөг авч үздэг.  Тэгэхээр 2017 онд бизнесийн чиг хандлага ямар байх тухай товч мэдээлэл хүргэе. Мэргэшсэн борлуулагч
Гурван төрлийн борлуулагч байдаг. Захиалга хүлээн авагч, борлуулагч, мэргэшсэн борлуулагч /SME/. Интернэт худалдааны сайтууд эхний ангилал буюу захиалга хүлээн авагчид орно. Захиалага хүлээн авагч нь үнийн саналд тулгуурлан захиалга авч, хуваарийн дагуу хүргэлт хийдэг. Тиймээс онлайн худалдаа хүний шууд оролцоогүйгээр явагддаг.
Харин B2B /бизнесээс бизнест/ компаниуд энэ жил мэргэшсэн борлуулагчидтай хамтран ажиллавал илүү үр дүнтэй байх хандлагатай байна. Мэргэшсэн борлуулагчид жижиг компаниудын борлуулалтыг дэмжихэд онцгой хувь нэмэртэй. Бизнес эрхлэгч та байгууллага дотор борлуулалтын соёлыг бий болгох, мэргэшсэн борлуулагчидаа чадавхижуулах чиглэлийн сургалтад хамруулж, ашиг орлогоо нэмэгдүүлээрэй. Ялангуяа бараа бүтээгдэхүүн борлуулдаг байгууллагуудад хэрэглэгч нэг бүрт хандсан үйлчилгээ нэн чухал.
Crowdfunding буюу санхүүжилт босгох

2016 оны сүүлээс эрчимтэй хөгжиж эхэлсэн Crowdfunding буюу олноор санхүүжилт босгох арга энэ онд ч эрчимтэй явагдах нь. Crowdfunding нь боловсруулсан төслөө бэлэн платформ дээр байршуулж хөрөнгө оруулагчидаас санхүүжилт босгодог арга юм. Crowdfunding маркетингийн мэргэжилтэн Clay Hebert “Ухаалаг компаниуд crowdfunding ашиглан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээс гадна зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс өмнө нэр хүндийг нь өсгөхөд ашиглаж байна" гэсэн байна. Жишээ нь АНУ-ын цаг үйлдвэрлэгч Smith & Bradley шинэ цагаа зах зээлд нийлүүлэхээс өмнө 7 удаагийн том хэмжээний сурталчилгааны аян өрнүүлсэн байна. Тус компанийг үүсгэн байгуулагчдийн нэг Райн Брэдли "Бид хамгийн анхны цагаа борлуулахдаа crowdfunding аргыг ашигласан. Эхэндээ зах зээл дээрээс хөрөнгө оруулалт босгох төлөвлөгөөтэй байсан. Харин дараа нь энэ аргыг бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг өсгөж, үнэлгээг нэмэгдүүлэхэд ашиглаж болох юм байна гэдгийг олж мэдсэн" гэжээ.

 

Байгууллагын дотоод харилцааны программ

Байгууллага бүр дотоод харилцаандаа өөр өөр программ хангамжуудыг ашигладаг. Энэ онд дотоод харилцааны программуудаас Slack-г сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ программ нь имэйлийг бүр мөсөн орлодог бөгөөд дотоод хэрэгцээнд ашиглахад тун тохиромжтой. Slack нь байгуулагдаад гуравхан жил болж байгаа ч 2016 оны 10 сар гэхэд 4 сая хэрэглэгчтэй болж чаджээ. Гэхдээ Slack-г ашиглаад имэйлээс бүрмөсөн татгалз гэсэн үг биш. Имэйл шалгах, баримт солилцох зэрэгт өдөрт багагүй цаг зарцуулдаг нь нууц биш. Иймээс байгууллагын дотоод харилцааг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлсэн программ ашиглах нь зүйтэй. Маркетингийн талаасаа бизнес имэйл ашиглах нь зүйтэй ч дотооддоо албаны имэйл гэхээсээ хоорондын харилцааг шуурхай байлгах хэрэгтэй.