Бид хэрэглэгч та бүхэндээ Гүүглийн бүтээгдэхүүнүүдийг үйл ажиллагааны чиглэл болон хэрэглээндээ тохируулан хэрхэн үр дүнтэйгээр ашиглах тухай цуврал зөвлөмжүүд хүргэж байгаа билээ. Энэ удаад Гүүгл цахим сургалтын багцыг танилцуулъя.

Гүүгл корпораци нь байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлд тохируулан бизнес, төрийн болон төрийн бус байгууллага, сургалтын байгууллага зэрэг өөр өөрийн онцлог бүхий багцуудтай. Гүүгл цахим сургалтын багц болох GSuite for Education нь боловсролын систем дэх мэдээллийн технологийн дэвшил, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлэх, багшийг чадавхжуулж ажлын ачааллыг нь хөнгөвчлөх, сурагчдын цахим хэрэглээг эрүүлжүүлэх зорилготойгоор гаргасан багц юм. Гүүгл цахим сургалтын багцыг интернэтэд холбогдсон аль ч ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙгээр ашиглах боломжтой.

 

g-suite-for-education

Дэлхий даяар нийт 70 сая гаруй хэрэглэгч Гүүглийн цахим сургалтын багцыг хэрэглэж байгаагаас сүүлийн 2 жилийн хугацаанд 50 сая шинэ хэрэглэгчтэй болсон байна. Харин манай улсад одоогийн байдлаар 41 их, дээд сургууль, 18 ерөнхий боловсролын сургуулийн 130 мянга гаруй багш, сурагчид онлайн багцад хамрагдаад байна. Монгол улсад Гүүгл цахим сургалтын багцыг албан ёсоор НМБСан бүртгэдэг.

Гүүглийн цахим сургалтын багц нь хязгааргүй багтаамжтай Gmail, Drive, Calendar, Vault, Docs, Sheets, Slides, Sites, Forms, Hangouts гэсэн суурь аппликейшнуудаас гадна Google Classroom гэсэн тусгайлсан аппликейшнтай. Google Classroom нь Гүүгл цахим сургалтын багцын онцлох аппликейшн бөгөөд анх 2014 оны намар үйлчилгээнд нэвтрүүлж байсан юм. 3 жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч багш, эцэг эхчүүдийн талархалыг ихээр хүлээж байгаа аж. Судалгаагаар Google Classroom-д одоогоор 1 тэрбум гаруй даалгавар оруулсан байна.

Google Classroom гэж юу вэ?

Google Classroom-ыг нэг төрлийн холимог сургалтын платформ гэж ойлгож болно. Google Classroom нь Google Drive-тай холбогдож даалгавар үүсгэх, засах, Google Docs, Sheets болон Slides-г ашиглан даалгавар, курсын ажил, танилцуулга хийх, Gmail-ээр дамжуулан мэдээлэл солилцох мөн Google Calendar-г даалгавар, бие даалтуудын хугацаа товлох зэрэгт ашиглана. Багш нар үүсгэсэн ангидаа сургуулийн домэйн нэр, сурагчийн имэйл хаяг болон ангийн кодоор дамжуулан сурагчдаа нэмнэ. Анги бүрт тус тусын хандах эрх бүхий хавтаснууд Google Drive-т үүсэх бөгөөд сурагчид даалгавраа оруулж, багш нар үнэлгээгээ өгдөг. Google Classroom-ийг iOS ба Android үйлдлийн системтэй гар утас, таблет зэрэг мобайл төхөөрөмжөөс ашиглахдаа AppStore болон PlayStore-оосоо татаж суулгаарай.

Google Classroom нь анх зөвхөн цахим сургалтын багцын хэрэглэгчид ашиглах боломжтой гарсан ч 2017 оны хавраас нийт Гүүгл хэрэглэгчдэд нээлттэй болж үүний дараа хүссэн хэрэглэгч бүр анги нээх боломжтой болсон юм. Гүүгэл цахим ангийг ашиглан нээлттэй сургалт хийх боломжтой бөгөөд багш сурагчид файлуудаа олон түвшинд хуваалцах давуу талтай. Судалгаагаар Google Classroom нь сургуулийн мэдээллийн технологийн зардлыг 54% хүртэл хэмнэж байгаагаас гадна багш сурагчдийн чадавхийг нэмэгдүүлж, цаасны хэрэглээг 80% хүртэл багасгаж чадсан нь тогтоогджээ. 

  Google Classroom-ын боломжуудаас дурдвал:
  1. Сурагч бүрт өөрийн хуудас: Сурагч тус бүрийн хичээлийн явцыг хянах, тэдэнтэй ганцаарчлан ажиллахад тустай сурагч нэг бүрт зориулсан хуудас юм. Google Classroom нь хичээлийг төрлөөс гадна сурагч тус бүрээр ангилах боломжтой. Энэ хуудсанд сурагчийн хичээл тус бүрийн явц харагдахаас гадна багш тухайн сурагчид тусгайлан зөвлөгөө өгч болно. Түүнчлэн даалгавруудыг гүйцэтгэл, оноогоор ялган шүүлт хийдэг. Багшийн өгсөн даалгаврыг хэдэн сурагч хийсэн, хэдийг зассан болон үнэлсэн зэрэг нь хуудасны баруун дээд хэсэгт ил харагдана.
  2. Анги эрэмбэлэх: Багш нар ангиудаа өдрийн хуваарь, ачаалалдаа тохируулан эрэмбэлэх боломжтой. Өмнө нь хамгийн сүүлд үүсгэсэн хичээл хамгийн дээр харагддаг байсан бол одоо хичээлүүдээ багш нар өөрсдөө эрэмбэлдэг боллоо.
  3. Нарийвчилсан үнэлгээ: Үнэлгээг бодитой байлгахын тулд багш нар бутархай тоо оруулан үнэлгээ өгөх боломжтой.
  4. Анги шилжүүлэх: Зуны амралтын үеэр хичээл ордог багш нар солигдох тохиолдол гардаг. Багш нар эсвэл админ ангийн багшийн эрхийг өөр багшид шилжүүлж болдог. Энэ нь дахин шинэ анги үүсгэж сурагчдад чирэгдэл учруулалгүйгээр өмнөх тохиргоогоор ажиллана гэсэн үг юм. Мөн Гүүгл Драйвт хадгалагдсан сурагчдийн материалуудад хандах эрхтэй болно.
  5. Мобайл төхөөрөмжийн профайл тохируулга: Сурагчид гар утаснаасаа дээрээсээ өөрийн профайл зургаа солих, мэдээллээ шинэчлэх боломжтой.
  6. Ангийн код: Ангийн код өмнө нь зөвхөн багш нарын хуудсанд харагддаг байсан бол одоо сурагчдад нээлттэй болжээ. Сурагчид кодоо оруулаад хүссэн ангидаа орж болох нь.
  7. Багш нар Гүүгл Формс ашиглан цахим ангид дүнгүүдээ татаж оруулж болно.