Та Гүүглийн имэйлийн үйлчилгээг ашигладаг бол GSuite аппликэйшнүүдийн боломжуудыг хэдийнэ мэддэг болсон байх. GSuite Work багц программын тусламжтайгаар бизнес эрхлэгчид цахим орчинд хялбарханаар хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ. Дуртай газраасаа хүссэн цагтаа бичиг баримт боловсруулж бусадтайгаа хуваалцаж, онлайн горимд тал бүрээс нь засч түргэн шуурхай хамтран ажиллахад Google Drive найдвартай тусалдаг.

Google Drive гэж юу вэ?

Байгууллагын ажилд байнга хэрэглэгддэг, асар тустай шилдэг технологийн дэвшилтэт бүтээгдхүүн бол яах аргагүй Google Drive юм. Google Drive ашигласнаар ажлын бүтээмжийг дээшлүүлээд зогсохгүй ажил хэргийг эмх цэгцтэй, шуурхай явуулахад чухал ач холбогдолтой. Google Drive-д байршуулсан файлуудаа хүссэн цагтаа, хаанаас ч холбогдон ашиглаж болно.

Хэрэв та үнэгүй Gmail үйлчилгээ ашигладаг бол 15ГБ багтаамжтай Drive үйлчилгээ дагалдаж ирнэ. Харин ажил хэрэгт зориулсан GSuite Work багцын Drive үйлчилгээ 30ГБ багтаамжтай. Цаашид энэ багтаамжийг 30ТБ, 100ТБ хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Товчхондоо Google Drive нь хоёр үйлчилгээг нэг дор багтаасан хүчирхэг программ юм. Drive нь бичиг баримт боловсруулах онлайн аппликкэйшн болох Dоcs, Sheets, Forms,  SIides болон зураг гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Таны үүсгэсэн бичиг баримтууд хаанаас ч үзэж өөрчлөх, бусадтай хуваалцах боломжтойгоор Drive-т байршидаг.

 google-drive Docs нь сүлжээнд холбогдсон компьютер ашиглан бичиг баримт боловсруулах програм юм. Энгийн word файлтай адил зарчмаар ажиллах ч нэлээд олон давуу талтай. Та Google Docs дээр үүсгэсэн файлаа MS Office Word, pdf, html хэлбэрт хувирган хадгалж болдог. Slides нь онлайн танилцуулга, нийтлэлийг слайд хэлбэрээр үзүүлэх, танилцуулга бэлтгэх программ юм. Sheets нь вэбд суурилсан хүснэгтэн мэдээлэл боловсруулах программ бол, Forms ашиглан санал асуулга, тест боловсруулах, үнэлгээ өгөх гэх зэрэг бичиг баримтыг янз бүрийн форматаар бэлтгэдэг программ юм. Google Photo-д таны байршуулсан фото зургууд байхаас гадна Google Hangout-д орсон зураг давхар харагддаг.

Google Drive-ийн гол давуу тал нь бусадтай хамтран ажиллах боломж олгодог. Та үүсгэсэн файлаа нэгэн зэрэг хэдэн ч хүнтэй хамтран засварлах боломжтой ба оролцсон хүн бүрийн хийсэн өөрчлөлт, засварууд нээлттэй харагддаг. Яг тухайн цагт өөрийн оруулж байгаа нэмэлт өөрчлөлтүүд төдийгүй хэн, хэзээ ямар өөрчлөлт оруулж байсныг өдөр, цагаар нь тодорхой харуулдаг Revision гэсэн функцтэй. Recent дээр дарвал таны сүүлд хандсан баримтууд гарч ирнэ. Баримтуудыг үсгийн дарааллаар эсвэл нээсэн, хадгалсан дарааллаар харж болдог.

Google Drive-ийн GoStarred хавтсанд таны чухал гэж ангилан одоор тэмдэглэсэн файлууд харагдана. Файлуудыг хэрэглээндээ тохируулан хавтаслаж, тэмдэглэж ангилах нь эргээд хайж олоход дөхөм болгодог. feat Trash - хогийн саванд устгасан баримтууд байдаг. Устгасан файлууд 30 хоногийн турш хогийн саванд хадгалагдаж байгаад бүр мөсөн устана.

More Apps товчийг дарж нэвтрээд Google Drive дахь хөгжмийн нот засдаг, график зурдаг, видео файлуудыг хөрвүүлдэг, өдөр тутмын ажлын журнал хөтлөдөг гэх мэт программуудыг ашиглаж болно.

Ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ажил хэрэгч хүмүүс Google Drive-ийг хэрэглэж болох ба ажиллахад хялбар, үр дүнтэй хамтран ажиллахад зориулсан чухал хэрэгсэл бөгөөд Та хаа ч явсан интернэтэд холбогдон өөрийн Drive-т холблогдсоноор хэрэгцээт файлууд тань гарын дор бэлэн байх болно.