АНУ-д л гэхэд онлайнаар ажил хийх явдал 2005 оноос хойш 103%-иар өсчээ. Иймд Ажил хэрэгч хүн бүр онлайн орчны үргэлж шинэчлэгдэж байдаг дүрмийг цаг алдалгүй мэдэж байх хэрэгтэй бөгөөд онлайн сүлжээн дэх харилцааг амьд, эмх цэгцтэй байлгах дараах дүрмүүдийг мөрдөх шаардлагатай. 1. Цаг барь. Төлөвлөсөн цагаасаа эртэч байх хэрэгтэй. Яг цагтаа очихыг ч оройтсонд тооцно. Энэ бол хариуцлагатай хүний алтан дүрэм юм. Өөрөөр хэлбэл, Та онлайн уулзалтанд оролцож буй бол эхлэхээс дор хаяж 10 минутын өмнө микрофоноо шалгадаг байх ёстой. Таниас хамааралтай техникийн саатал бусдын цагийг үрэх учиргүй. 2. Хувь хүн рүү чиглэ. Тэмдэглэл болон албаны и-мэйл ойлгоход төвөгтэй байж болохгүй. Эмх цэгцтэй, тодорхой, богино бич. Эсвэл урьдчилан бэлдсэн видео танилцуулга гэх мэт харилцан ойлгоход хялбар зүйл харуулаарай. И-мэйл болон чатаар харилцах нь үл ойлголцол үүсгэх магадлал өндөр байдаг. Хэрэв тийм үл ойлголцол үүссэн үед аль болох амьд харилцааны сувгийг сонгож асуудлыг шийдэх нь зүйтэй. 3. Ажил хийвэл дуустал нь Нүүр нүүрээ харан суухгүй байна гэдэг нь ажил үүргээсээ зугтаж болно гэсэн үг биш юм. Та юу хийнэ гэж амласан түүнийгээ дуустал хийх ёстой. Хэрэв та төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгаж чадахааргүй бол хамтран ажиллагсадаа хүлээлгэлгүй и-мэйл бичих эсвэл утсаар хэлж мэдэгдэх хэрэгтэй. 4. Санаагаа төлөвлө, хуваарил Өгсөн үүрэг даалгавар тодорхой бус байх нь онлайн ажилчны ажлын гүйцэтгэлд төвөг учруулдаг. Таван хүнтэй группт имэйл болон чат бичихдээ “Үүнийг шалгацгаая” гэж бүү хэл. Бүх хүний ажил бол хэний ч ажил биш, мөн хугацаагаа төлөвлөөгүй бол хэзээ ч дуусахгүй гэсэн үг. 5. Хариу заавал бич, и-мэйл бүрт “Хэрэв та товч тодорхой и-мэйл хүлээн авахыг хүсвэл товч тодорхой и-мэйл бич”. Энгийн харилцааны гол түлхүүр нь тогтмол хариу бичиж байх юм. Хариу юу ч хэлэхгүй байх болон “Би үүнийг одоохондоо хийж чадахгүй нь ээ. Учир нь ... гэхдээ би лхагва гарагт эргээд хариу хэлье” гэж хэлэх хоёрт их ялгаа бий. Та хүсэлтийг хүлээн авч чадахгүй бол тэр дор нь хариу бичиж хамртагчдаа цаг алдахгүй мэдэгдэх ёстой. 6. Бүгдийг байх ёстой газар нь байлга Хэрэв хол байгаа хамтрагч тань хэцүү байдалд ороод ямар нэг файлыг олж өгөхийг таниас хүсэх үед та олж чадахгүй байсаар тэр ажлаас халагдвал та өөрийгөө буруутгахад хүрнэ. Энэ мэт гашуун туршлагууд байдаг. Та болон таны баг нэгэн ижил найдвартай онлайнаар файл хадгалах, хуваалцах арга хэрэгсэл ашигладаг байх хэрэгтэй. 7. Тайлбар хий “Учир нь” гэдэг тайлбарыг хийгээгүйгээс онлайнд ч, биечлэн харилцаж байхад ч таныг дутуу үнэлэхэд хүргэж болно. Учир шалтгаанаа тайлбарлаж бай. Ажилтан хүн удирдлагадаа болон бусдад яагаад хүсэлтийг хүлээн авахгүй байгаагаа эсвэл үйл ажиллагаа явуулах өөр чиглэл санал болгож байгаагаа маш ойлгомжтойгоор тайлбарлаж сурах ёстой. Ингэснээр удирдлагаас танд өгсөн үүрэг даалгаварыг та өөрөө дур мэдэн өөрчилж эсвэл хүлээж авахгүй байгаа мэтээр буруу ойлгогдох эрсдэлээс хамгаална. 8. Сэтгэл хөдлөлийн дүрс ашигла Сэтгэл хөдлөл илэрхийлэх дүрс ашиглах нь бизнесийн ёс зүйг зөрчдөг үү? Тийм бас үгүй. Дүрснүүдийг оновчтой ашиглах шаардлагатай. Хамгийн сайн арга бол үндсэн дүрсүүдийг ашиглах юм. Нүдээ ирмэж буй дүрснээс зайлсхий, таныг сээтэгнэж байна гэж ойлгоно. Бусад дүрсийг утга санаандаа тохирсон тодорхой нөхцөл байдалд л хэрэглэнэ. Эргэлзэж байгаа бол дүрс ашиглаад хэрэггүй, орхичих. 9. Тодорхой бай Ямар ч тохиолдолд гол асуудлаа л шууд ярь. Илүү үг, илүү эргэлзээ төрүүлнэ. Эхлэл хэсэгт өөрийн хүсэлт болон чухал яаралтай зүйлсийг оруулах ёстойг анхаар. Эелдэг бөгөөд итгэлтэйгээр ярь. Таны нэг удаагийн мессеж нэг л хүсэлтийг илэрхийлж байх хэрэгтэй. 10. Баярлалаа гэж хэлж бай Ярианы харилцаанд та үг сонголт, дууны өнгөөр өөрийгөө илэрхийлж болдог бол бичгийн харилцаанд үүнийг илэрхийлэх хэцүү байдаг. Талархлаа цаг тухай бүрт нь илэрхийлж бай. Баярлалаа гэж хэлэхийг хүсч буй хүн бүртээ, тус тусад нь бичиж илгээх хэрэгтэй.