Вэбсайт сайн болох эсэхэд ашиглаж байгаа технологи нөлөөлдөг. Технологи өндөр хөгжсөн өнөө үед үйл ажиллагаандаа зохицсон зөв вэб бүтээгч олох амаргүй. Зарим хүн өндөр үнэ төлж, мэргэжлийн вэбмастер, дизайнер хөлслөн вэбээ хийлгэдэг бол зарим нь вэбсайтаа өөрөө хийхийг илүүд үздэг. Ингээд өөрөө вэб сайтаа хийхээр шийдсэн танд дараах зөвлөгөө хүргэе.

Энгийнээс эхэл. Эхний удаад та цагаа хэмнэх үүднээс энгийн боловч мэдээлэл сайтай вэб хийж болох юм. Мэдээлэл сайтай, энгийн ганц хуудас вэб нь ядруухан бүтэцтэй том хэмжээний сайтаас дээр байх тохиолдол олон бий. Энгийн бүтэцтэй вэбийг ажиллуулахад хялбар бөгөөд хямд. Та вэбсайт нээхээр шийдсэн бол аль болох хурдан ажиллагаанд оруулаарай. Ажиллагаанд орсон вэбийг цааш хөгжүүлэхэд хялбар байдаг. Загвараа сайжруулах, агуулга нэмэх зэрэг вэб хөгжүүлэх ажлыг шат дараалалтайгаар хийж болно. Байнга шинэчлэгддэг вэб сайтууд Гүүглийн хайлтаар үр дүн өндөртэй гарах магадлалтай.

Вэбсайтынхаа зорилгыг тодорхойл. Танай хэрэглэгчид утсаар холбогдож байна уу?, Имэйл илгээж байна уу?, Тодорхой нэг бүтээгдэхүүн худалдаж авах сонирхолтой байна уу?Сайн вэбсайт нь зорилгодоо төвлөрсөн, удирдлагын энгийн функцтэй байдаг. Зүйрлэвэл, рестораны гол зорилго нь захиалга их авч, хурдан шуурхай үйлчилхэд оршидог. Үүнтэй адил таны вэбсайтад хандсан зочид янз бүрийн цэс ухаж, мэдээ гүйлгэлгүйгээр хэрэгтэй мэдээллээ шууд авдаг байх нь чухал юм. Вэбийнхээ зорилгыг зөв тодорхойлсноор, бүтцээ давхар тодорхойлж чадна.  Жишээ нь рестораны вэб дээр олон хүнд хүрэхийн тулд ХАЯГ нь тод, нүүр хуудсандаа харагдах ёстой. Мэдээж газрын зурагт тэмдэглэсэн байвал бүр ч сайн.

Шинэлэг байлга. Вэбсайтаа агуулга, дизайны хувьд шинэчилэхэд хялбар байхаар бүтээ. Мэдээллээ шинэчлэж байхгүй бол танай вэбсайт хэрэглэгчээ хурдан алдана. Цаашид вэбсайтдаа ямар агуулгатай мэдээлэл нэмэх болон ямар үйлчилгээ явуулахаа тооцож байж вэб бүтээгчээ сонгох нь чухал. Үйл ажиллагааны чиглэл нэмэгдэх бүрт вэбсайтаа шинээр хийгээд байхгүйн тулд нэмэлт оруулах, шинэчлэлт хийж болохуйцаар вэбээ бүтээх хэрэгтэй.

1:12 дүрэм. Вэбсайтыг үзэл бодлоо хуваалцах, бизнесээ сурталчилах, мэдээлэл түгээх зэрэг янз бүрийн зорилгоор бүтээдэг. Таны вэбсайт цаашдын үйл ажиллагааны маркетингийн суурь болно гэдгийг санаарай. Вэбсайт хийхээсээ өмнө вэбэд зарцуулах бүтэн жилийн төсвөө урьдчилан тооцож, түүнийнгээ хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Мэргэжилтнүүд вэбийн зардлыг нэг сарын маркетингийн зардлаас хэтрүүлэх ёсгүй гэж үздэг. Үүнийг 1:12 дүрэм буюу зорилгодоо зарцуулах жилийн төсөвөө тооцох гэдэг. Вэб дизайнерууд, вэб хөгжүүлэгчид өндөр төлбөртэй байдаг. Мэргэжлийн вэб хөгжүүлэгчээр өөрийн таашаалд нийцүүлэн вэб хийлгэхэд доод тал нь 1 сая төгрөг төлнө. Вэб хөгжүүлэгч танд хямд үнийн санал өгч байгаа нь таны хүсэлт бүрэн бус, вэбдээ оруулах санаа нь гүйцэт бус байгааг мэдэж байна гэсэн үг. Ингээд вэбсайт хийх явцад янз бүрийн нэмэлтүүд гарч ирсээр байгаад нийт өртөг нь хамгийн сүүлд гарч ирнэ. Үнэндээ 1 сая төгрөгний вэбийг 500 мянган төгрөгөөр хийнэ гэж санал өгөөд, явцын дунд нэмэлт үйлчилгээ бүрт төлбөр нэмэгдсээр эцсийн дүндээ 1 сая төгрөг болно. Заримдаа WordPress сайн сонголт биш байдаг. Ихэнх вэб дизайнер, вэбмастерууд Wordpress системийг санал болгодог. Учир нь энэ системийг сүүлийн үед түгээмэл ашиглах болсон. Гэхдээ вэб дизайнергүй бас код бичих мэдлэггүйгээр Wordpress-ийг өөрийнхөө санаанд нийцтэл засварлаж чадахгүй. Тусгай нэмэлтүүд болон дизайны шийдэл хийхгүйгээр энгийн блог хийхэд Wordpress гайхалтай тохирно. Түүнчлэн олон нэмэлт функцуудтэй вэбсайттай болоход сайн сонголт мөн боловч та вэб сайтын мэдлэггүйгээр цааш хөгжүүлэх хүндрэлтэй. Харин вэб бүтээгч буюу web builder бүх үйлчилгээ нь багтдаг тул ашиглахад, хөгжүүлэхэд хялбар байдаг. Олон ч сонголттой.

Аутсорсинг хөгжүүлэгч, вэб дизайнер ажиллуул. Дотоодын дизайнер болон вэб хөгжүүлэгчид нь ихэвчлэн ижил үйлчилгээ үзүүлдэг гадны вэб хөгжүүлэгчдээс үнэтэй байдаг. Та ажлын захиалгаа upwork.com, elancer.mn гэх мэт сайтад тодорхой байрлуулснаар, бусад орны дизайнер, хөгжүүлэгчид таны төслийг гүйцэтгэх үнийн саналаа өгнө. Зөвхөн үнэ харж бүү сонгоорой. Ажлын туршлага, бүтээлийн жагсаалт, мөн өмнөх ажил олгогчдын сэтгэгдэл зэргийг харж байж ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй.