Хөдөлмөр эрхлэлт, карьерийн зөвлөгөө өгдөг томоохон сайт болох The Muse-д гарсан амжилттай бизнесмэнүүдийн гаргадаг “зөв” алдаа болон алдааг хэрхэн хүлээж авах ёстой тухай нийтлэлийг танд хүргэж байна.

Таны хамгийн гайхуулах дуртай алдаа чинь юу вэ?

Сонирхолтой асуулт байна уу? Бид гаргасан амжилтандаа л анхаарч ярилцахаас алдаагаа төдийлөн яриад байдаггүй. Нөгөө талаас алдаа оноо хоёр салшгүй холбоотой гэж үзвэл: “Бүтэлгүйтсэн тохиолдлуудаасаа яриач" гэсэн асуулт тийм ч гайхмаар сонсогдохгүй биз.

Алдаагаа бахархалын оронд тавиад үз. Өөрийн бүтэлгүйтэж, шантарч байсан үеээ бахархал болгон мэдэрч чадсанаар, үүнийг нуух эсвэл ялагдал, бүтэлгүйтлээ зөвтгөхийн тулд хүн болгонд тохиолдоод байдаггүй зүйл юм шиг царайлахаа болино. Уналт, бүтэлгүйтлийн талаар ярьж байгаа нь жинхэнэ өсөлт, дэвшил гэдэг тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм.

Ажил эхлүүлсэн л бол урсгалаар нь өнгөрөөлгүй эцсийг нь үзэж, бүх зүйлд нь гар бие оролцох хэрэгтэй. Ингэснээр туршлага хуримтлуулж, дараа дараагийн ажилдаа амжилт гаргах суурь болно. Гол санаа нь бүтэлгүйтэл, уналт тохиолдсон үед үүнээсээ санаа зовж, ширээн доогуур битгий нуугдаарай! Хүн болгон л алдаа гаргадаг. Тиймээс алдах вий, бүтэлгүйтэх вий гэсэн айдастайгаа нүүр тулж, өөр өнцгөөс хараад үзээрэй.

Эргэлзсэн хэвээр л байна уу? Тэгвэл дараах жишээнүүдэд анхаарлаа хандуулаарай. Бүтэлгүйтэлтэй тулгарахад та юу хийж чадах вэ?

Алдаа гаргаж байна гэдэг та өсч хөгжиж байна гэсэн үг

Таван жилийн өмнө би нэгэн сургалтанд суусан юм. Сургалтын дараа багштайгаа хэсэг ярилцахдаа дараах зүйлийг ойлгож авсан. Хэрвээ та азгүйтэж, ямар нэгэн алдаа гаргадаггүй бол шинэ зүйлийг оролдож, туршиж үздэггүй, хамгийн сайнаараа хичээж чаддаггүй гэсэн үг. Тиймээс асуудлыг шийдвэрлэх аргуудаас хамгийн амар хялбар замыг сонгохоо больж, нэгэн хэвийн байдлаасаа салж, өөрийгөө хурцлах хэрэгтэй. Зарим үед ялагдаж, бүтэлгүйтнэ. Гэхдээ л та зүгээр суугаад бууж өгч болохгүй. 

Би саяхан сургуулийн кампуст сургалт явуулсан, товчхондоо дүгнэхэд тааруухан сургалт болсон. Сургалт болох өдөр хүртэл би өөртөө итгэлтэй байсан ч миний бодсон хэмжээнд хүртэл амжилттай болоогүй. Гэвч миний өмнөх сургалтуудаас илүү дээр болсон бөгөөд тэр үеэс би кампуст сургалт зохион байгуулах туршлагатай болсон гэж багш минь ярьсан юм.

Бүтэлгүйтэл таныг бүтээлч болгодог

Нийгмийн сэтгэл судлаач Дийн Симонтон бүтээлч, суут хүмүүсийн талаар хоёр жил гаруй судалжээ. Тэрээр суут хүмүүсийг маш завгүй байдгийг олж тогтоосон байна. Тэд маш их цаас, ноорог, материал дунд байдаг байсан ч эдгээр туршилт, шинэ санааны цөөн хэд нь л амжилтанд хүрч, үлдсэн нь хогийн саванд ордог байжээ. Дийн Симонтон зураач Пабло Пикассогийн ажлыг жишээ болгон харуулсан бөгөөд түүний зарим зураг хаана ч амжилтанд хүргээгүй бол зарим бүтээлүүд нь алдартай болж чадсан юм. Пикассо алдарт Guernica бүтээлээ гаргахаасаа өмнө маш олон хар зураг (ноорог) зурсан тухай тэмдэглэж үлдээсэн байдаг аж. Эдгээр нооргууд түүнээс сайн бүтээл гарахад шууд нөлөөлөөгүй ч бүтээлч процессыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тиймээс эдгээр ноорог ажил бүр Guernica гарахад чухал нөлөө үзүүлсэн.

Та ямар ч салбарын мэргэжилтэн бай, амжилттай ажиллахын тулд, хамгийн түрүүнд бүтээлч байх ёстой. Яг л Пикассогийн жишээтэй адил. Таны хийсэн ажил бүхэн чинь Guernica  шиг амжилт олох албагүй ч ихэнх нь танд ашиг өгч, хувийн карьерт чинь сайнаар нөлөөлж, амжилтыг чинь ахиулах болно.

Бүтэлгүйтэл таныг илүү гярхай болгодог

Азгүйтэл, бүтэлгүйтэл хэцүү ч та юун дээр алдсанаа дүн шинжилгээ хийж, боломжийг олж харах хэрэгтэй. Ингэснээр та илүү хүчтэй болно. Өөрийн туршлагаасаа хуваалцмаар санагдлаа. Би тийм ч захирангуй хүн биш л дээ. Хэдэн жилийн өмнө багийн ахлагчаар ажилладаг байхдаа бусад гишүүдээсээ өөрсдийн стратеги болон ажлаа хаанаас эхлэх талаар саналыг нь авахыг оролдсон юм. Би яг л бусдаас хариулт ирж байгаа өрөвдмөөр хүн шиг харагдсан.

Үнэндээ надад баг зохион байгуулах туршлага дутсан юм. Би үүнийгээ хүлээн зөвшөөрч, алдаагаа зассан. Хурлын хуваарь, уулзалтаар хэлэлцэх асуудлыг тогтоож, дараа нь надад ямар нэгэн тусламж хэрэгтэй үед шууд асууж эхэлсэн. Үүнийг хэзээ ч дуусгаж чадахгүй нь гэж айж байсан ч бид дуусгачихсан. Хэрвээ би өөрийнхөө арга  барилыг буруу байсан гэдгийг ухамсарлаагүй бол би амжилтад хүрэхгүй байсан биз.

Би алдаанаасаа юуг сурсан бэ? Ямар нэгэн зүйл буруу болох үед зугтаж эсвэл нуугдахын оронд түүнийг хэрхэн сайжруулж чадах талаар мэдэж авахын төлөө шамд. Алдаа болгон том амжилтын эх биш ч эдгээр энгийн алдаануудаас та өөрийгөө төгс хүн биш гэдгийг санаж аваарай.